Яагаад тусгай дугаар вэ? гэхээр түрүү долоо хоногт би Нямын Наймаа (НН) бичиж оруулж чадаагүй юм. 7 хоног бүр 7 удаа НН маань та бүхэнд маань хүрсээр иржээ. Одоо ийнхүү 8 дахь удаагийн дугаараараа буюу 2 дахь сартайгаа золгож байна. Өмнөх дугаар дээрээ товч бөгөөд тодорхой бичнэ гэж байсан ч энэ удаад аль болох дэлгэрэнгүй биччихлээ. Учир нь тэр нь уншигч нарт маань таалагддаг гэсэн шүү 😉

  1. ОНЦЛОХ КИНО: Би үүнийг өөрийнхөө болгох болно гэж хэлээд л хүссэн зүйлээ заавал өөрийн болгодог, би үүнийг хийж сурах болно гээд л ямар ч зүйлийг эзэмшчихдэг тийм айхтар хувь заяатай ч гэмээр юм уу? хүмүүс байдаг даа? Яг ийм хүмүүсийн тухай хоёр кино толгойд маань одоо эргэлдэж байна. Эхнийх нь Энэтхэг улсыг дэлхийн эдийн засгийн хувьд хамгийн хүчирхэг орнуудын нэг болно гэж итгэж түүнийхээ ч төлөө зүтгэж явсан Dhirubhai Ambani гэдэг хүний амьдрал дээр үндэслэсэн 2007 оны Guru нэртэй кино. Би энэ киног 4 удаа үзсэнээ онцлоё. Харин энэ өнгөрсөн долоо хоногт үзсэн онцлох кино бол Becoming Bond нэртэй баримтат уран сайхны кино. (SPOILER ALERT!) Дөнгөж ухаан орсон George Lazenby гэх бяцхан хүүд эмч нар 12 настайдаа бөөрний өвчнөөс болж нас барахыг нь хэлсэнээс болж бага, дунд ангидаа хичээлээ хийлгүй үймүүлж улмаар ахлах сургуулиа ч төгсөж чадаагүй (бөөрний өвчнөөр ч үхээгүй). Боловсролгүй хүү машин засварчин болж, тэндээ машин худалдаачин болоод, улмаар фото модель болов. Гэтэл түүний амьдралыг оронгоор эргүүлсэн нэгэн боломж гарч ирсэн юм. Тэр боломж бол James Bond киноны удаах ангид сүпер тагнуул Bond-ийн дүрийг бүтээх байлаа. Тэрээр боломжийг  алдалгүй ашиглаж James Bond киноны өмнөх 5 ангийг (Sean Connery гол дүрд нь тоглосон) ашиг орлогоороо тэргүүлсэн. Ийнхүү машин засварчнаас James Bond болсон залуу маань ямар ч кино урлагын туршлагагүй хэдий ч амжилт ололтын эзэн болсон. Түүнд James Bond-ийн дараа дараагийн ангиудад тоглох мөн газар дээр нь сая доллар бэлнээр авах ч боломжуудыг өгсөн. Гэвч тэр энэ удаад үгүй гэж хэлсэн юм. Хүн өөрийн хүссэн амьдралын зам мөрөөр явахын тулд зарим хүмүүсийн нүдээр бол алдаж боломжгүй зүйлсийг хаядаг, золиосолдог…. 
  2. ОНЦЛОХ ТУРШИЛТ хийгээд ДУТАГДАЛ: Би уг нь эрт сэрэх дуртай, хамгийн боломжийн буюу сэрэх дуртай цаг маань өглөөний 5. Гэвч сүүлийн үед 6, 7 хүртэл унтаад байгаа. Эрт л байна шд ээ гэж магадгүй хэн нэгэн бодож болох юм. АНУ-ийн Ерөнхийлөгч асан Обама шөнө 2 хүртэл ажиллаж байгаад 7 гэхэд босчихсон байдаг байсан. Тэгэхээр ерөнхийлөгч байсан хүнтэй адил цагт сэрнэ гэдэг тийм ч муугүй юм биш. Даанч асуудал нь хэдэн цагт унтаад хэдэн цагт сэрээд байгаа нь юм л даа. Би 5 цагт босно гэсэн төлөвлөгөөтэйгөөр ихэвчлэн 22 цаг гээд орондоо орчихдог, зарим цөөн тохиолдлыг л эс тооцвол ер нь гайгүй хурдан унтаад өгдөг. Өнгөрөгч хавар, өвөл, намрын улирлуудын бараг ихэнх өдрүүдийг 22-с 5 цагийн хооронд унтаад 7 цагийн нойртой өнгөрүүлж дахин хэвшсэн. Өмнөх зун тэгвэл яасан бэ? яг адилхан бас л их унтаад байсан, өмнөхийн өмнөх зун яасан бэ? бас л адилхан их л унтаад байсан. Энэ зун яасан бэ? бас л их унтаад байна. Уг нь 5, 6-р сард гайгүй байсан байхгүй юу? Ямар сайндаа бусдыгаа эрт сэрэе гээд уриалахав. тэгсэн энэ 7 сараас нэг л бишээ. Тэгээд би зун болохоор өөрийн эрхгүй бие маань эсэргүүцдэг юм болов уу? гэж бодлоо. Зуны үдшийн сэрүүнийг бие маань мэдрэхийг хүсээ юу? мэдэхгүй. Тэгээд ямар ч байсан энэ долоо хоногт жаал өөрчлөлт хийсэн нь за заавал 22-с 5 цаг гэж төлөвлөөд сэрж чадахгүй бол дараа нь өөрийгөө буруутгаж зовж байснаар, улирлаа дагаад 23-с 6 цагийн хооронд унтъя гэж бодлоо. Гэхдээ бас л нэг л амжилт гаргахгүй байгаа юм даа. Snooze товч ерөөсөө даралгүй шууд л суга үсрээд босдог байсан хүн одоо snooze товчоо дарахаас ч залхуурч унтаад байгаа юм. За тэгвэл миний асуудал ерөөсөө л залхуурал юм байна! гэж бодоод одоо нэг ганц, хоёр юм амьдралдаа илүү боловсронгуй болгох, эргэн авчрах төлөвлөгөө гаргаад эхнээс нь туршиж үзэв. Та бүхэнтэй хуваалцах туршилт бол утсаа хол тавьж унтах (бүр маш хол тавьж унтах шүү). Би утсаа толгойтойгоо ойр тавьж унтахаа болиод удаж байгаа, үүнд гурван том шалтгаан бий. Нэгт гар утаснаас ялгарч буй эрүүл мэндэд хортой янз бүрийн долгионоос хол байхын тулд. Хоёрт шөнө нойр хүрэхгүй бол ч юм уу утсаа авч хэрэглэхгүйн тулд. Нүүр дүүрэн цацрах гэрэл туяа хийгээд хүлээн авч буй мэдээллээсээ болоод бие маань шууд сэргэж унтах цикл маань алдагдана. Гуравт өглөө сэрүүлгээ заавал босож унтраахын тулд. Утсаа орноосоо хол, ширээ дээрээ ч юм уу тавиад унтахад та өглөө заавал босож сэрүүлгээ унтраах шаардлага гарна. Уг нь ингээд л өглөө босох асуудал шийдэгдэж байгаа юм. Тэгсэн би босож сэрүүлгээ унтраачихаад буцаж орондоо хэвтээд унтаад байгаа юм. Иймд би утсаа одоо угаалгын өрөөндөө тавьж хонуулах болсон. Төгс төсөөллөөр бол өглөө сэрүүлэг дугаарлаа, угаалгын өрөө орж сэрүүлгээ унтраалаа (энэ үед утас маань автоматаар дуу тоглуулна), нүүр амаа хүйтэн усаар угаалаа, сэрлээ! Тэгвэл хэрвээ та гэртээ ганцаараа амьдардаггүй бол яах вэ? мөн шөнө цаг харахын тулд яах вэ? Сэрүүлэг худалдаж ав! 10,000 мянган төгрөг хавьцаа хангалттай хөөрхөн сэрүүлэг аваад орны дэргэдээ тавьчихна. Тэгээд утасныхаа сэрүүлгээс яг нэг минутын өмнө тавиад угаалгын өрөөнд байгаа утасныхаа сэрүүлгийг дуугарч гэрийнхнийгээ сэрээхээс өмнө очиж унтраа. (Вууаа! Заавал босож унтраах мөн нэг минутын өмнө сэрэх арга). Миний хувьд энэ туршилт маань одоогоор маш амжилт”гүй” явж байгаа! Гэртээ ганцаараа болохоор эхний өдөр бол сэрүүлгийнхээ дууг сонссон ч гэсэн очиж унтраагаагүй. Дараагийн өдөр нь очиж унтраачхаад эргээд орондоо орчихсон. 3 дахь өдөр нь амжилт гаргаж босоод нүүр амаа угаагаад өглөөний дэглэмээ дагсан. 4 дөх өдөр нь яалаа даа? Амжилттай бол болоогүй. Ингээд л сажлаад явж байна, гэхдээ ямар ч шинэ зуршил цаг хугацаа, олон удаагийн туршилт шаарддаг. Иймд эргээд өглөө тогтсон цагтаа асуудалгүй босдог хүн 21 өдрийн дотор болох болно оо. 
  3. АШТАЙ АПП: Миний мэдээ мэдээлэл унших дуртай апп маань өнгөрөгч долоо хоногт шинэчлэлт хийгдэж улам л хэрэглэхэд амар мөн үзэмжтэй болсон. Би энэ апп-г мөн хамгийн мартагдсан апп гэж хэлнэ. Учир нь маш олон хүмүүсийн утас дээр байсаар л ирсэн, гэвч бид нар тийм ч их хэрэглэдэггүй. Энэ бол The Google App (хуучнаар Google Now) юм. Тийм зөвхөн Android утас дээр буй, гэхдээ энэ оны тав дугаар сараас iOS дээр Siri-тэй адилхан Google Assistant олонд нээлттэй болсон. Миний Google App-г онцож буй шалтгаан нь үүний надад хэрэгтэй гэж бодсон мэдээллүүдийг надаас асуулгүйгээр бэлэн болгож өгдөг явдал. Би ер нь Гүүгл хүн, Google-ийн бүх юмыг нь хэрэглэдэг гэж хэлж болно. Энэ вебсайт ч Google-ийн сэрвэр дээр байдаг. Хэн юм асуусан ч Гүүгэлд гэж хэлдэг.Android утасны дэлгэц дээр Google-ийн хайх талбар байдаг даа? түүний лого дээр дарахад Google App нээгддэг, эсвэл цэс дотроосоо Google гээд хайхад гарч ирнэ. Google App нь хоёр төрлөөр таны дуртай зүйлсийг буюу интернэтээс зөвхөн танд зориулж цуглуулсан мэдээллүүдийг нэг дор санал болгодог. Нэгт өөрөө дуртай зүйлсээ сонгох, үүний тулд та дэлгэцийн зүүн дээд буланд буй 3 шулуун зураас (Menu) дээр дараад Customize уруу ороод дуртай сэдвүүдээ оруулж болно. Хэн нэгэн алдартай хүн, эсвэл дуртай дэлгүүр, спорт, аль эсвэл ямар нэг судалгааны сэдэв гээд л юу ч байж болно. Хоёрт Google таны тухай мэдээллийг үргэлж цуглуулж байдаг.  Үүний ачаар таны юунд дуртай, юу уншиж үзэх дуртайгмэдээд янз бүрийн мэдээллүүдийг санал болгодог. Facebook, Instagram гээд олон нийтийн сүлжээний платформууд огт хэрэглэхгүй байсан үедээ би Google App-г хамгийн ихээр хэрэглэж байсан. Энүүгээрээ юуг хэлэх гээд байна вэ? гэхээр Google Аpp нь таныг зугаацуулаад (entertain) зогсохгүй мэдлэг болгож боловсруулах хэрэгтэй бүх мэдээллээр (educate) тань хангаж чадна. 
  4. ОНЦЛОХ ҮЙЛ ХЭРЭГ: Манай Миннесота мужид 2002 оноос хойш амьдарч буй төрөлхийн хөдөлгөөн бэрхшээлтэй буюу тархины саа өвчтэй Тамир гэж найз маань байдаг. Тэрээр энэ зун эх орон уруугаа буцаж, эмээдээ үнсүүлэхээр явж байгаа. Жил бүрийн зун Монголдоо очиж амардаг, эх орондоо туйлынх их хайртай түүний хувьд энэ зун өмнөх амралтуудаасаа их онцлогтой. Тэрээр GoFundMe гэдэг хандив, хөрөнгө цуглуулдаг вебсайтаар дамжуулж сайхан сэтгэлт олон түмнийг нэгтгэн хөгжлийн бэрхшээлтэй Монгол хүүхдүүдэд хэрэгтэй эд зүйлсийг нь худалдан авч, цуглуулж, Америкаас Монголд хүргэж өгөх гэж байгаа юм. Тэр бид хоёрын хамтдаа ярилцсан яриаг хүлээн авч үзээрэй:
  5. ОНЦЛОХ НЭВТРҮҮЛЭГ: Аяга тавгаа угааж зогсохдоо, дугуй унаад гадуур явж байхдаа, аль эсвэл ажил дээрээ би утсандаа ийнхүү хэлнэ “Okay Google, play Tim Ferriss’ podcast”. Google миний өмнө хийсвэр мэнтор Тим-ийн маань бүх подкаст нэвтрүүлгүүдийг жагсаан харуулж, хамгийн сүүлийн ангийг нь тоглуулж эхэлнэ. Та бүхэнд сануулахад түүний “АЖЛЫН 4 ЦАГТАЙ 7 ХОНОГ” ном саяхан худалдаанд Монгол хэлээр гарсан байгаа. Уг номын тоймыг энд (unread)дарж орж уншаарай. “Эхнээс нь авахуулаад дуусах хүртэл нь уншдаг биш, харин яг л хоолны цэсээс идэхийг хүсэж буй бялуугаа сонгоод авдаг шиг хэрэгтэй зүйлсээ сонгож авах зориулалттай ном юм.” гэж би дүгнээд байгаа. Иймд ширээний ном болговол зохих бүтээл байгаа юм. Миний түүний podcast уудаас энэ удаад онцлох дугаар нь Scott Adams гэх комик номын зураач, зохиолчтой хийсэн яриа юм. Түүний өдөр бүр 15 удаа өөрийн амьдралдаа бий болгохыг, авчрахыг хүсэж буй зүйлсээ давтан давтан бичсэнээр хүссэн зүйлсээ хэрхэн амьдралдаа бий болгосон түүх нь хамгийн сонирхолтой байв. Мөн тэрээр энэхүү хүссэнээ хүртэх аргаа мэдээж маш шинжлэх ухааны үүднээс тайлбар өгсөн байгаа:
  6. ОНЦЛОХ ХИЧЭЭЛ: Миний хамгийн анхны хийсвэр мэнтор гэж хэлж болох Брэндон Бурчардын 5 долоо хоногын тусгай онлайн сургалтыг би энэ долоо хоногоос эхэлсэн юм. Түүний хамгийн анхны хичээл дээр тэрээр “Эрүүл оюун санаа (healthy mind)”  гэж чухам юу болох тухай заасан. Эрүүл оюун санаа гэдэг нь, түүний тодорхойлолтоор: Эрх чөлөөтэй, ухамсартайгаар чиглүүлсэн, эерэгээр холбогдсон байхыг хэлэх аж. Эрх чөлөөтэй гэдэг нь хүний оюун бодол айдас хийгээд шаналалаас үргэлжид хол байх учиртай. Өөрөөр хэлбэл та ирээдүйгээс болж айж, санаа зоволгүй мөн өнгөрснөөс болж шаналж, өөрийгөө буруутгаж амьдрах учиргүй. Харин та гагцхүү энэ цаг мөчид амьдрах учиртай; амьдрал бол энэ мөч. Ухамсартайгаар чиглүүлсэн гэдэг нь бид оюун бодлоо сул тавиад явуулчихдагт байдаг юм. Мэдээж хэрэг бид байнгын өөрсдийн бодлоо захирч, хянаж байх учиргүй. Гэвч бид тогтмол өөрсдөөсөө яг одоо юу бодож байна, эерэг зүйлс бодож байна уу? мэдэрч байна уу гэдгээ асуух учиртай. Харин эерэгээр холбогдсон байна гэдэг нь таны гадаад орчиндоо үзүүлж буй нөлөөг хэлнэ. Та юу бодно, юуг дотроо тунгаана түүнээс хамаарч таны гадаад ертөнц уруу илгээж буй мэссэж тань өөр байна. Иймд та оюун бодлынхоо удирдлагыг гартаа авч, инээмсэглэж, эргэн тойрноо таашааж, хүмүүстэй ярилцаж, инээлдэж, хамтдаа сайн сайхныг бүтээгээрэй. 
  7. ЗААВАЛ УНШИХ НОМУУД: Хувь хүний хөгжилтэй холбоотой ном санал болгохын нэг найз маань асуусан юм. Тэгээд би дээр дурдсан мэнтор Брэндон-ий нэгэн жагсаалтыг тэр найздаа илгээсэн. Брэндон өнгөрсөн 18 жилийн турш долоо хоног бүр нэг ном уншсаар ирсэн ба дараах жагсаалтад уг номуудаасаа онцлох бүтээлүүдийг салбар, төрөл бүрд нь жагсаасан байгаа. Уг жагсаалтуудыг ЭНД дарж сонирхоорой.
  8. ОНЦЛОХ ОНЧ, МЭРГЭН ҮГС: “Тогтсон дэг жаяг, дэглэм гэдэг бол ухаалаг хүний амбицлаг байдлын илэрхийлэл” -W. H. Auden (Ухаалаг бай, Билгүүнээ!)

Comments

comments