1. ОНЦЛОХ ЭРХЭМ: Надаас нэг уншигч маань хийсвэр мэнторуудаа яаж сонгодог вэ? хэмээн саяхан асуусан юм. Харин би асуултад нь ийнхүү хариулсан юм: “Би амьдралд бүх зүйл өөр өөрийн гэсэн цаг хугацаатай байдаг гэж боддог. Яг амьдралдаа эрж хайж байсан асуултын хариултыг хэн нэгэн хүнээс сонсож чадвал түүнийг шууд мэнтор минь гэж бодож болно шүү дээ. Заримдаа нэг бүхэл ном уншиж нэгийг ойлгож байхад заримдаа нэг номын ганц өгүүлбэрийг л уншихад маш их зүйл авч ойлгодог. Түүнтэй адил хүнээс авахыг нь аваад хаяхыг нь хаяад л явах ёстой санагддаг даа.” Тэгвэл энэ долоо хоногт миний онцлох эрхэм бол Саймон Сайнек (Simon Sinek) юм. Түүнээс ойлгосон, ой тойнд минь хамгийн тод үлдсэн хоёр зүйл бол: нэгт “Заримдаа та өөрөө асуудал нь байдаг”, хоёрт яагаад “Яагаад?” гэдэг асуулт амжилтад хүрэхэд хамгийн чухал зүйл вэ? гэсэн хоёр ойлголт юм. Эхэнд дурдсан ойлголтыг хоёр дугаар хэсгээс маань уншаарай, маш сонирхолтой түүх байгаа. Харин энэ хэсэгт би Саймоноос ойлгосон хоёрдугаар чухал ойлголт болох “Яагаад яагаад гэдэг асуулт нь амжилтын түлхүүр болох тухай” түүний тайлбарласан байдлаар хүргэе. За та ингээд зохион бүтээгч байлаа гэж бодъё, юу ч зохион бүтээсэн байж болно. Компьютер ч юм уу? гар утас ч юм уу? эсвэл хувцас ч юм уу, аль эсвэл ямар нэг шинэ үйлчилгээ сэдсэн хүн байж болно. Тэгвэл таны бүтээгдэхүүн, үйлчилгээг хүн юунаас нь болж худалдан авдаг, хэрэглэдэг бол? Маш олон хүмүүс таны бизнесийг дэмжин цэцэглүүлэн хөгжүүлэхэд юу хамгийн чухал бол? Саймоний хэлж буйгаар бол хүмүүс юу хийсэн бэ гэдгээс хамаарч бус яагаад хийсэн бэ? гэдгээс нь хамаарч таны бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнд мөнгө, цаг хугацаа, хүч энерги зарцуулдаг гэнэ. Гэхдээ энэ бол түүний өргөн барьж буй шинэ таамаг, томъёо бол биш, энэ бол биологи. Хүний дунд тархи нь мэдрэмжээс хамаарч шийдвэр гаргаж цаашлаад хүний зан аашийг тодорхойлдог үүрэгтэй. Өөрөөр хэлбэл танд төрсөн хүчтэй мэдрэмж дунд тархиар тань дамжуулж шийдвэр гаргахад нөлөөлдөг аж. Жишээ нь хэрвээ Apple компани бараа бүтээгдэхүүнээ манай утас гоё загвартай, сайн камертай, хурдан ажилладаг, хэрэглэхэд хялбар гэж сурталчилбал та iPhone худалдан авах уу? Үгүй л болов уу? Apple ч хэзээ ч ингэж сурталчилгаагаа эхэлдэггүй, харин тэд “Бид өөрөөр сэтгэхэд итгэдэг, бид өөрчлөлтөд итгэдэг” гэдэг гэх мэтчилэн үгсээр буюу яагаад Алим тарьдаг болохоо хэлдэг. Apple хэрэглэгч нартаа сэдэл мотивац төрүүлэхэд анхаарч, хүмүүст яагаад өөрсдийнх нь хийж буй зүйлс чухал болохыг ойлгуулдаг. Хүн шийдвэр гаргахдаа, тухайн худалдан авч буй зүйл нь өөрийг нь хэрхэн илэрхийлэх бол? гэсэн мэдрэмж дээр тулгуурладаг. Үүний л дараа тухайн бүтээгдэхүүний үзүүлэлт, хурд хүч зэргийг нь хардаг. Та Саймоны тайлбарладаг энэхүү яагаадын учрыг улам сайн тунгаагаарай. Мөхөс би найруулан бичихдээ тааруу учир олигтой санааг нь бас гаргаж чадахгүй л байна. Ганцхан бизнест ч биш амьдралын бүхий л хэсэгт та яагаад одоо хийж байгаа зүйлээ хийж байна? яагаад таны хийж буй зүйл танд хийгээд бусдад чухал юм? гэдгийг тунгааж түүнийгээ бусдад хуваалцаарай. Ингэх тусам тантай адил итгэл үнэмшилтэй хүмүүс танд нэгдэж, улам агуу зүйлийг бүтээх хаалга нээгдэх учиртай. Түүний TedX яриаг дараах хаягаар орж хүлээн авч үзээрэй: https://youtu.be/qp0HIF3SfI4

2. ОНЦЛОХ ТҮҮХ: 18-р зууны Европ, Америк даяар “Төрхийн орон дээрх хар үхэл” гэсэн нэртэй нэгэн хумхаа өвчин тархаж байжээ. Энэ өвчний улмаас эмэгтэй хүн хүүхдээ төрүүлчихээд 48 цагийн дараа ертөнцөөс халин одоцгоодог байсан байна. Бүхэл бүтэн нэг зууны турш энэ өвчин Европ, Америк даяар өргөн дэлгэр тархаж, жилээс жилд улам олон эмэгтэйчүүд бурханийн орон уруу одоцгоосоор байжээ. Зарим эмнэлгүүдэд хүүхдээ төрүүлсэн эхүүдийн 70 хувь нь өөд болцгоож байсан байдаг. Энэ үе бол “Сэргэн Мандалтийн Үе” байсан, өөрөөр хэлбэл шинжлэх ухаан түүний ач холбогдолд дээд зэргийн ач холбогдол өгч эхэлсэн үе. Практик туршлага дээр тулгуурласан тоо баримт зэргийн ач холбогдол маш өндөр болж байсан үе буюу бүхий л мухар сүсэг, шашин, ардын анагаах ухаан гэх мэт идеалист зүйлүүд ач холбогдол нь нуран унаж байсан. Тиймдээ ч маш олон докторууд, шинжлэх ухаанчид бүгд л ханцуй шамлан энэ өвчний учир шалтгаан, хэрхэн үүнийг зогсоох тухай уйгагүй судалсаар байж. Эмч докторууд чөлөө гарвал л нас барсан эмэгтэйчүүдийн цогцос дээр судалгаа хийж, бусад үед нь эх барьцгаадаг байжээ. Гэтэл нэгэн өдөр Оливер Вэндэл Холмес гэдэг нэгэн доктор, шүүгч мэргэжилтэй эрхэм энэхүү “Төрхийн орон дээрх хар үхэл” гэдэг өвчний учрыг тайлжээ. Тэрээр “Эмч нар маань эх барихаасаа өмнө гараа угаадаггүйн улмаас энэ өвчин үүддэг бололтой. Өглөө нь нас барагсдын цогцсууд дээр судалгаа хийсэн эдгээр эмч докторууд үдээш хойш эх барьхаасаа өмнө гараа угааж, ариутгахгүй байна” гэжээ. Тэрээр эмч нарт хандан “Бид нар өөрсдөө асуудал нь юм байна” гэж зарлажээ. Эмч докторууд түүний дүгнэлтийг үгүйсгэж, түүнийг галзуу тэнэгээр нь дуудаж бүхэл бүтэн 30 жил түүний үгийг сонсоогүй. 30 жилийн дараа эмч нар эх барихдаа багажуудаа ариутгаж, гараа угаадаг болсон тэр цагаас хойш эх хүүхэд хоёрыг төрхийн орон дээр нь салгадаг энэ аймшигт өвчин үгүй болсон аж. Энэхүү түүхээс сурах зүйл бол: Заримдаа та өөрөө асуудал нь байдаг. Иймд бусдаас бус, гаднын хүчин зүйлээс бус өөрөөсөө нэг бурууг хайгаад үзээрэй. Өөрийнхөө үйлд эзэн байж, амьдралынхаа залуурдагч нь байгаарай.

3. ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДАЛ: Долоон сард АНУ-д нэгэн чухал үйл явдлыг тэмдэглэн өнгөрүүлдэг тэр бол “Тусгаар Тогтнолын Өдөр”. 1776 оны 7-сарын 4нд АНУ нь Британийн Эзэнт гүрний нэг биш хэмээн тунхаглан зарлаж 13 муж бүхий өнөөдрийн Америк орныг олсон байдаг. Уг нь бол 7-р сарын 2-ны өдөр бичигдсэн боловч бичиг үсгийн найруулга хийгдээд 4-ны өдөр баталсан байдаг. АНУ-ын ерөнхийлөгч агсан Жон Адамс жил бүрийн энэ өдрийг энэ тив улсын нэг өнцгөөс нөгөө өнцөг хүртэл өргөн дэлгэр тэмдэглэх болно хэмээн бичсэн байдаг нь өнөөг хүртэл уламжлагдаж ирсэн уламжлалыг Америкт бий болгосон. Энэ өдрийг Америкчууд зарим талаараа Монголчуудтай их төстэй тэмдэглэдэг. Агаарт салхинд гараад л, нуур голын эрэг дээр очиж мах шарж идээд, за тэгээд орой нь улс орон даяар салют буудуулдаг нь сүүлийн жилүүдэд Их Эзэн Чингис Хааны талбай дээр буудуулдаг болсон салютуудыг санагдуулам. Би энэ жил анх удаа Миннеаполис гэдэг энэхүү хотдоо энэ баярыг тэмдэглэсэн юм. Манай мужийн хамгийн олон хүн амтай газар л даа. Тэгээд манайд Арктай Чулуун Гүүр гээд маш өргөн гол дээгүүр тогтдог нээх гоё сүрлэг гүүр байдаг юм. Тэнд би орой нь найзуудтайгаа салют үзэх гээд очсон юм. Манай найзууд гүүрний нөгөө талд нь байсан. Тэгээд би нөгөө гүүрийг нь даваад очих гэж тэр гүүр дээр бараг 15 минут алхсан. Уул нь ч тийм урт гүүр бас биш, гэхдээ мааш олон хүнтэй, ёстой хүн бөглөрөө үүсчихсэн байсан юм. Тэгээд яг салют буудуулахаас тавхан минутын өмнө бид хэд нэг гүүрний цаана уулзацгааж салют буудуулахыг үзсэн дээ. Салют буудаад дууссаны дараа бүгд алга ташиж, баяр хүргэцгээгээд тэгээд л босоод явчихсан. Тэнд ёстой хэдэн мянган хүн л байсан байх, гэхдээ бид хаана ч ил задгай хог хараагүй. Бүгд эргэн тойрноо цэвэрлээд, нөгөө хүн түгжрэлтэй гүүрээ буцаад давахдаа бүгд эгнээд хоёр урсгал бий болгоод л явчихсан. Удаан л алхаж удсаныг үл тооцвол тэгээд л нэг мэдсэн хүн бөглөрөө дундаас гараад ирж байгаа юм чинь. За тэгээд юу хэлэх гээд байна вэ? гэхээр Монголчууд маань ч гэсэн Тусгаар Тогтнол, Төрт Ёсны Наадмаараа соёлтой сайхан наадаж баярлаарай. Жилээс жилд Монголчууд маань Хоггүй Наадамладаг болцгоосоор байгаа, энэ жилдээ ч улам хоггүй дээрээс нь бас хэрүүлгүй, хэтрүүлэггүй бүүр үнэхээр сайхан наадаарай гэж хүсэж байна! 

4. ОНЦЛОХ ӨГҮҮЛЭЛ (МЭДЭЭ АРТИКЛЬ): Нямын Наймыг (НН) нийтэлж эхэлснээсээ хойш хоёр дахь Онцлох Мэдээ Арктикль гэсэн хэсгийг хүргэж байгаад нь дахиад л Элон Маск-ийн тухай. Өмнөх НН дээрээ түүний өдөрт хэдэн цагийг нь ажиллаж өнгөрүүлдэг, эмэгтэй хүнд хэдий их цаг зарцуулдаг гэх мэт сонирхолтой зүйлс багтаасан мэдээг онцолж байлаа. Энэ удаад би түүний амьдралдаа хэрэглэдэг олон мянган жилийн туршид хамгийн агуу хүмүүсийн хэрэглэсээр ирсэн оюун санааны стратегийг танилцуулсан мэдээг сонирхуулж байна. ТЕСЛА, SpaceX гээд л олон хүчирхэг компаниудын CEO эрхмийн олон тэрбум ам.долларын бизнесээ босгоход нь тусалсан энэхүү стратегийг “Анхдугаар эх үндсүүд” (First Principles) хэмээн нэрлэнэ. Ямарваа нэгэн зүйлийн утга учир түүнийг ойлгохын тулд та тухайн зүйлийн бүр яагаад хамгийн анх бий болсон гэдгийг нь ойлгох хэрэгтэй гэнэ. Бид ямар нэг зүйлийг ойлгох гэж хичээхдээ тухайн зүйл дээрх ерөнхий, түгээмэл мэдээллүүдийг хөшүүрэг болгон ашиглах нь олонтаа. Гэвч эртний Грекийн философич Аристотель үзсэнээр бид аливаа нэг асуудлын бүр эх сурвалжийг нь олсноор түүний шийдэх жинхэнэ гэрлийг олдог ажээ. Энэхүү оюуны стратеги, зарчмыг амьдралдаа хэрэглэдэг хүмүүс үргэлж өөрсдөөсөө “Бидэнд хамгийн хэрэгтэй, сайн зүйл вэ?”, “Бидэнд үүнийг өөрөөр хийгээд үзэж болохгүй гэж үү?” гэсэн асуултуудыг байнга асуудаг. Ингэж асууснаар танд нэг алхам түр хойшилж, асуудлыг арай өөрөөр харахад тусалж, улмаар илүү үр дүнтэй, заримдаа илүү бага хугацаа ч зарцуулж мэдэх тийм шинэ арга замыг нээж олоход тусалдаг. Тэсла компани нь үргэлж батарей буюу зай нь үнэтэй зүйл гэдэг шүүмжлэлд өртсөөр ирсэн. Гэвч Элон үзэхдээ зайны жинхэнэ утга учир нь цэнэглэж болдог, нөхөн сэргээгддэг тийм эрчим хүч, цэнэгийг хангах зорилготой эд байснаас биш үргэлжийн үнэтэй материалуудаар хийгддэг тийм зүйл байх гэж бүтээгдээгүй аж. Тэрээр хэлэхдээ “Наадах чинь маш тэнэг ойлголт. Батарей нь маш үнэтэй бас яг тэр хэвээрээ үргэлж байх болно гэж үзэх нь өнгөрсөнд тийм байсны улмаас л үлдсэн ойлголт. Хэрвээ ийм сэтгэлгээг ямар нэг шинэ зүйл бүтээхэд хэрэглэвэл чи хэзээ ч шинэ зүйл бүтээж чадахгүй” гэжээ. Ямар нэг зүйлийг өнгөрсөнд хэн нэгэн өөр байдлаар хийж байсан байж болно гэхдээ яагаад тухайн зүйл анхнаасаа бий болсон бэ? гэдгийг түрүүлж асууж байгаарай.https://goo.gl/fJanES

5. ОНЦЛОХ ДУУ: Энэ долоо хоногт би нэгэн шинэ найзтай болсон. Уг нь онцлох найз ч юм уу, онцлох танил ч юм уу? тийм нэрээр энэ хэсгийг нэрлэж болох байсан. Гэхдээ энэ хүний хувьд Дуу Эгшиг, урлаг гэдэг зүйл өөрөө түүний овог нь болсон зүйл тул яахын аргагүй дуугаар нь түүнийг онцлох нь зөв санагдлаа. Би усны тансаг чимээ, шувуудын жиргээ, зуны үнэр ханхлуулсан тийм эгшигт тун их дуртай. Сонсоод л амьдрал ямар баялаг юм бэ? ямар амар амгалан юм бэ? гээд л бодогдуулдаг тийм хөгжим байдаг даа? За тэгээд тийм эгшиг дээр манай Монгол үндэсний хөг эгшиг, хөгжмийн зэмсэг түүний гайхамшиг нэмэгдвэл яах вэ? #Eargasm болно. За ингээд upbeat тропикал, chill хөгжим сонсох дуртай надад дэндүү таалагдсан Temuulen Enkhbold-гийн хөгжмийг онцолж байна. Temuulen ft Behi-The Wave: https://youtu.be/6Dw3kw48TyU

6. ОНЦЛОХ НОМ: Сонгууль ч дууслаа, шинэ ч ерөнхийлөгчтэй боллоо. Сонгуулийн үеэр уншсан нэг номоо танилцуулахаар дэндүү улс төржсөн санагдах гээд байсан болохоор одоо л нэг сайхан онцлоё доо. Энэ бол Дэлхийн кино наадмуудаас 23 шагнал хүртсэн “Нохой Орон” киног бүтээсэн найруулагч, сэтгүүлч Д.Төрмөнх ахын “Миний мэдэх Женко Баттулга” ном юм. Нийт сонгогчдын дийлэнх нь 17 оны 7 сарын 7-ны өдөр ерөнхийлөгчийн долоо дахь удаагийн дахин сонгуулиар Х.Баттулга эрхмийг дэмжиж Монгол Улсын Тав дахь ерөнхийлөгчөөр сонгоод байна. Яагаад энэхүү эрхмийг сонгох болов? Энэ хүн ер нь юу хийж явсан, юу хийж бүтээсэн? хэн гэдэг эрхэм бэ? гэдгийг энэ номоос маш сайн ойлгож авах болно. Энэ ном дээр Монголын хийгээд олон улс орны сонирхолтой түүх, домгийг бичсэн байдаг нь таны мэдлэгийг ч их өргөжүүлэх болно. Улмаар та энэ хүний цаашдаа юу бүтээж, юунд хүрэхийг зорьж буйг нь ойлгох биз ээ.

7. ОНЦЛОХ СУРГААЛЬ: Энэ удаагийн сонгууль магадгүй олон хүнд улс төрч, төрийн түшээ, алтан аргамжаа болох сэдлийг төрүүлсэн байж мэдэх юм. Улс төр, олон улсын харилцаа зэрэгт мэргэшиж эрдмийн мөр хөөж буй хүний хувьд ээжийнхээ нэгэн сургаалийг энэ цаг үед та бүхэнд хүргэе гэж бодлоо. Гэхдээ энэ сургаалийг ээж маань надад зориулан хэлээгүй ээ, ээж маань өөрийн бүтээл болох “Бодь Эрдэмт Номын Төр” гэсэн номдоо ийнхүү бичсэн байдаг юм: “Улс төрийн зүтгэлтнүүд улс орны, ард түмний түүхэн хувь заяатай амин холбоотой байж, өөрийн хийж гүйцэтгэсэн түүхэн үүргээрээ ялгарч, ард түмний түүхэн ой санамжид үлддэгээрээ онцгой юм. Иймд төрийн зүтгэлтний дотоод ертөнц, түүхэн өөрийгөө гарган дэвшүүлэх дотоод санаа сэдэл нь чухам ямар үндэстэй болохыг анхааран судлах хэрэгтэй байдаг… өнөөдөр нэгэнтээ тодроод байгаа шинэ цагийн төрийн зүтгэлтнүүдийн хамгийн хүчтэй цөөн хэдэн хүний тухай угтаж судлах, санал, зөвлөмж боловсруулах, тэдэнд туслах, сургах явдал чухал юм. Төрийн зүтгэлтэн болж төлөвшиж байгаа хувь хүмүүсийн дотоод ертөнц, сэдэц хандлага зөв тогтохоос ихээхэн зүйл шалтгаалах юм (улс эх орон, ард түмний ирээдүйн хувьд)…” Эх сурвалж: Нансалын Сарантуяа, “Бодь Эрдэмт Номын Төр” хуу.148

8. ОНЦЛОХ ОНЧ МЭРГЭН ҮГС: “Өнөөдөр хэн ч биш байж болно гэхдээ маргааш хэн ч болж болно. Тиймээс хэнийг ч бүү дорд үз. Өнөөдөр боломжгүй зүйл маргааштай боломжтой болдог.” -Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга

Comments

comments