Энэ долоо хоногт дараах 8 зүйлийг онцолж, энэ улирлын буюу зуны Нямын Наймаа Есдүгээр дугаараар жаргаав. Удахгүй эргэн уулзалдах болно оо.

  1. Өвдөгний гэмтэл ба Брүс Лий агсны туршлага: Энэ долоо хоногын Даваа гарагийн өглөө би та бүхэндээ гүйлт, өөрийгөө ялан дийлэх, моментум зэргийн талаар ярьсан анхны подкастаа хүргэсэн билээ. Сонссон хүмүүс нь санаж байгаа бол би уг яриаг 41 минутын (6 гаруй км) гүйлтийн дараа гэртээ харих замдаа хийсэн шүү дээ.  Хоёр сар гүйлтээр хичээллэхгүй байж байгаад хийсэн анхны маань гүйлт энэ байсан юм. Миний зорилго бол 10км гүйлт тогтмол хийж сурах. Өмнө нь 5 км гэсэн зорилго тавиад түүндээ хүрчхээд завсардчихсан юм. Мэдээж хэрэг шууд эхний өдрөөсөө 10 км гүйхгүй нь тодорхой; бага багаар туулах зай, хурд хүч зэргээ нэмэх төлөвлөгөөтэй байсан. Гэтэл маргааш өдөр нь миний баруун өвдөг гэмтэл авсан байв. Гүйлтээс, ер нь дасгал хөдөлгөөнөөс авсан анхны гэмтэл маань энэ биш байлаа.
    Өмнө нь намайг алхах нь байтугай, сууж чадахгүй болготол гэмтээж байсан дасгал бол үндсэн таталт (deadlift) байсан. Гэрийн хонх дуугарахад тайлж өгөх гэж мөлхөж байснаа, хувцсаа өмсөж чадахгүй найзаараа оймсоо углуулж байснаа би мартахгүй. Жүжигчин, тулаанч Брүс Лий агсны үйл хэрэг, амьдралыг судлах дуртай хүний хувьд, надад миний нурууны гэмтэл түүний түүхийг санагдуулсан юм. Брис Лий нуруугаа маш ноцтой гэмтээж тулалдах нь байтугай дахиж алхах боломжгүй болж магадгүй гэсэн онош эмч нараасаа авч байсан. Түүний дүрэлзэж байсан нэр хүнд, карьер энэ хүрээд дуусгавал болох аюултай болсон. Гэвч тэрээр бууж өгөөгүй юм. Тэрээр өөрийн хүчээр илааршиж, алхаад зогсохгүй, урьд өмнөхөөсөө ч хүчтэй, сайн тулаанч болсон. Түүний доод нуруу маш хүнд дасгалаас болж гэмтсэн, гэсэн хэдий ч тэр доод нурууны дасгалуудаа хийхээ болих биш харин ч биеийнхээ тэр хэсэг дээр илүү ажилласан байдаг.

    Брүс-н нурууг гэмтээсэн дасгал. Яг энэ хэвээрээ урагш 90 градус бөхийдөг байсан.

    Би энэ түүхийг өөр дээрээ давтаж үзэхээр шийдэж, түрүү жилийн хавар нуруугаа гэмтээчихээд эргээд гайгүй болоод ирэх үед нь яг тэр гэмтэл авсан дасгалаа илүү бага жингээр, илүү болгоомжтойгоор, илүү зөвөөр хийхийг хичээж эхэлсэн юм. Нуруу маань ч урьд өмнөхөөсөө илүү хүчтэй болсон.
    Энэ удаад өвдөгөө гэмтээчихээд би өөрөөсөө дахин гүйх үү? үгүй юу? гэж асуусан. Би өдөр болгон дор хаяж 30 минут дугуй унадаг, түүнээс авч байгаа өвдөлт маань хангалттай байсан учир би сайн уншиж судалсны үр дүнд гүйхийн оронд эмч нарын зөвлөснөөр гуя, гэдэс болон холын зайн гүйлт хийхэд хамгийн шаардлагатай биеийн хэсгүүдээ хөгжүүлэхээр шийдэв. Ингээд хэдий өвдөг өвдөж байсан ч дасгалын төв (gym) дээр хоёр өдөр тутамд нэг ирж дасгалуудаа хийсээр байлаа. Эцэст нь энэ бямба гарагт би хөлний сунгалт (leg extension), суулт (squat), үндсэн таталт (deadlift), хөлний шахалт (leg press) гэх мэт өвдөг дээр хамгийн их ачаалал ирдэг дасгалууд хийв. Мэдээж хэрэг өмнө нь авдаг байсан жингүүдээсээ бага, хөнгөн байдлаар хийсэн л дээ. Гэсэн хэдий ч өвдөг маань эргээд хүчтэй болж байгааг мэдрэх, турших сайхан байлаа. Энэ долоо хоногт өвдөг маань шатаар доош буухад, өгсүүр замаар дугуйтай дээш жийхэд гээд олон үед маш хүчтэй, хатгасан өвдөлтүүд авсаар байсан. Мэдээж хэрэг өвчин бууруулах тос санал болгож, сануулан байж авахуулсан найз охиндоо баярлалаа 🙂 За тэгээд энэ туршлагаасаа эцэст нь сануулах зүйл бол: Та зорилго тавиад ямар нэг байдлаар тэр зорилгодоо хүрэх боломжгүй болбол, аль эсвэл илүү их хугацаа юм уу өөр нэг зүйл шаардах шаардлагатай болбол битгий шантраарай. Тавьсан зорилгодоо тууштай байж яг төлөвлөсөн, бодсоноороо хүрнэ гэж зүтгэхээс илүүтэйгээр уян хатан байж, зөв системыг олох нь хавьгүй зөв шүү. Мөн биеийн тань ямар нэг хэсэг гэмтвэл, тэр хэсэг тань ингээд талаар өнгөрч байгаа хэрэг огтхон ч биш. Харин биеийнхээ тэр хэсгийг, улам хүчирхэгжүүлэх ёстойг тань сануулсан, харуулсан зүйл байдаг юм шүү.

  2. Харвардын Профессор юу гэж хэлэв? Нямын Найм бүр дээрээ би ер нь нэг тэр долоо хоногтоо үзсэн бичлэг ч юм уу? подкаст ч юм уу онцолдог. Энэ удаад би хэн нэгэн хувь хүний хөгжлийн багш, энтрепренер биш харин Харвардын Их Сургуулийн Хуулийн хийгээд Эдийн Засгийн профессор Михир Дэсай-ийн оролцсон подкаст нэвтрүүлгийг онцолж байна. Олон жил багшласан туршлагаасаа юуг хамгийн ихээр ойлгосон бэ? гэсэн асуултад тэрээр хариулахдаа “Хэнийг ч бүү дорд үз” гэсэн юм. Тэрээр цааш ярихдаа, ангид сууж байгаа хамгийн дуугүй, хамгийн идэвх багатай оюутан яг үнэндээ хамгийн гайхалтай оюутан нь байхад хамгийн их ярьдаг, хамгийн их асуулт асууж, асуултад хариулдаг идэвхтэй оюутан нь хамгийн хоосон нэгэн байх тохиолдол байдаг гэв.

    Түүний шинэ ном нь Баян Аав Ядуу Ааваас илүү санхүүгийн амжилтын ном гэж өөрөө хэлэв

    Бидэнд их ойр сонсогдож байгаа биз? Үүнийг би онцолж байгаа учир нь, хэрвээ та ганц анги тэнхимд гэлтгүй амьдралынхаа өөр ямар нэг орон зайд чимээгүй байхыг эрхэмлэдэг, бусадтай нүүр туулж өөрийгөө бүрэн таниулж амжаагүй байгаа бол одоо яагаад цаг нь биш гэж? Таны дотор маш гайхалтай санаа нуугдаж байж мэднэ шүү. Заримдаа бидний өөрсдөөсөө олж харахгүй байгаа гайхамшгийг өөр хүн олж харж танд хэлж, таныг хурцалдаг шүү дээ. Иймээс л би мэнтортой байхын ач холбогдлыг ихээхэн гаргаж ирэх гэж хичээдэг. Гэхдээ та л түрүүлж хөдлөхгүй бол, хэн ч таны өмнөөс анхны алхмыг тавихгүй шүү дээ.

  3. Жинхэнэ Роки Балбо: Энэ долоо хоногт онцлох кино маань 2016 оны Chuck нэртэй кино юм. Sylvestor Stallone (Sly)-ий бичсэн, найруулсан, гол дүрд нь тоглосон Rocky киноны санаа Chuck Wepner гэх эрхмийн тулаанаас төрсөн байдаг. Хэн нэг хүний амьдралын нэгээхэн хэсгийнх нь гэрч болж, түүнээсээ хэдэн сая доллараар үнэлэгдэх санаа олж түүнийгээ бүтээл болгон гаргаж дэлхий даяар алдаршиж байхад, нөгөө талд нь уг санааг төрүүлсэн жинхэнэ баатар нь өрөвдөлтэй гэж хэлж болохоор хувь заяаг туулна. Энэ киног үзэж байхад толгойд эргэлдсэн үг бол “Эзэн хичээвэл, заяа” хичээнэ байлаа.

    Роки нар
  4. Яагаад 8 сар амжилтын сар бэ? Миний хийсвэр мэнторуудын нэг болох Гари Вейнерчук-ийн бичсэн блог, ярьсан яриа дээр үндэслээд CNBC “Энэ хоёр зүйлийн аль нэгийг нь сонгон үйлдэж, карьераа ахиул” гэсэн мэдээ гаргасан байсныг би энэ долоо хоногт онцолж байна. Гари 8 сарыг карьераа өсгөх, амжилтаа ахиулах сар гэж хардаг учир нь таны өмнө дараах хоёр боломж гарч ирдэгт байгаа юм: Нэгт, 8 сар бол амралтын сар. Хоёр, мөн 8 сар бол амралтын сар. Гол нь та энэ амралтын сар гэдгийг хэрхэн харахаас таны сонголт шалтгаална. Амралтаа хойш нь тавьж байсан хүмүүс, зуны сайхныг мэдэрч ийш тийш аялаж, зугаалж амжаагүй байсан хүмүүсийн зуны сүүлчийн сард амралтаа авч, карьер, ажил албаа түр хойш нь тавьдаг. Энэ нь танд том давуу талыг бий болгоно. Жишээ нь та контент бүтээгч байгаа гэж бодъё, гэтэл таны өрсөлдөгч нар бүгд амралт аваад зугаалж цэнгэж, амарч байх үед мэдээ хүлээн авагч нар буюу үзэгч нар байсаар л байна. Энэ үеийг нь та овсгоотойгоор ашиглаж, чанартай, тогтмол контент бий болгож хүмүүс хүргэж чадсанаар та бусдын түр эзгүй орхисон орон зайг өөрийн болгох боломжтой болж байгаа нь Гаригийн танд санал болгож буй эхний сонголт юм. Харин хоёр дахь сонголт нь, та ч гэсэн амралтаа ав. Бизнес ч бай, сургууль ном ч бай 8 сар бол эдгээр салбаруудын хувьд оны сүүлчийн сар юм. 9 сараас буюу намрын улирлаас авахуулаад хүн бүр эргээд ажилдаа ханцуй шамлан орцгоох болно. Тиймдээ ч Гаригийн хувьд түр зүр амсхийж, хойш суух хамгийн тохиромжтой сар бол 8 сар гэнэ. Учир нь мөн мэдээж адилхан та ч тэр, таны өрсөлдөгч нар ч тэр амарч байгаа учир хэн нэгэн нь тэр уралдаанд нөгөөхөө хаяж түрүүлнэ гэсэн үг биш. Аль ч сонголтыг нь хийсэн ба 8 сар таны амжилтад их нөлөөлөх учиртай. Нэг бол бусдаас илүү хөдөлмөрлөж тасрах, аль эсвэл бусадтай адил амралтаа авч эрч хүчээ сэлбэх.

  5. Хэрхэн хорхой хүргэсэн зүйлийг болих вэ? Өнөөдөр та маш ихийг хийхээр төлөвлөсөн байлаа гэж бодъё. Гадаад хэлээ сайжруулна, ном уншина, хөгжим давтана гээд л, аль эсвэл та энэ өдөр эрүүл хооллоно, цагаа зөв зохицуулна гээд л зорилтууд тавьчихсан байлаа. Гэтэл бидэнд үргэлж нэг тийм хорхой хүргэм зүйл гарч ирдэг шүү дээ. Тэр нь таны тухайн өдрийн үр бүтээмжид муугаар нөлөөлөх зүйлс. Жишээ нь кино үзэх, пицца авч идэх г.м. Тэгвэл ийм хорхой хүргэсэн зүйлсийг хэрхэн дарах бэ? Би энэ долоо хоногт хэрэгжүүлсэн нэг арга нь тэр зүйлийгээ эхлээд бичиж тэмдэглэж авах. “Кино үзмээр санагдав; залхуурч хэвтмээр санагдав” г.м. тэгээд өөрөөсөө дараах зүйлийг асууна, энэ зүйлийг давч гарч чадсан уу? тийм бол яаж? үгүй бол яагаад? тэгээд тухайн зүйлийг дарсан ч бай, чадаагүй ч бай үр дүн нь юу байсныг бичнэ. Пицца идчихсэн бол эрүүл мэндээ хохироов ч гэдэг юм уу? Кино үзээд түүнээсээ урам авсан бол цаг үрэв; урам авав гээд сайн ба муу аль аль үр дүнг нь л бич. Ингэж өөртөө тогтмол дүгнэлт хийснээр яг үнэндээ та зарим хэрэггүй гэж боддог зүйлсээ яг үнэндээ хэрэгтэй болохыг ч ойлгож мэднэ, аль эсвэл эсрэгээрээ. Өөрийгөө танин мэдэх нэгэн жижигхэн арга юм уу даа?
  6. Тэмдэглэлийн дэвтэр яагаад хэрэгтэй вэ? Би цүнхэндээ үргэлж хоёр дэвтэр авч явдаг. Нэг нь гарын алганы хэмжээтэй болохоор халаасандаа ч хийгээд энд тэнд авч явж болно. Энэ дэвтэр дээр амьдралын зорилго, алсын харааг маань сануулсан зүйлс бичээстэй байдаг юм, дээрээс нь юм нэмж бичихээсээ илүү үе үе гаргаж ирж уншиж, өөрийнхөө зорилго үйлсийг сануулдаг. Харин хоёр дахь дэвтэр маань арай том буюу iPad Mini-тэй адилхан хэмжээтэй. Энэ дэвтэр дээр би шинэ санаа, өдрийн төлөвлөгөө, хийх зүйлсийн жагсаалт, онч мэргэн үгс гээд юуг ч хамаагүй бичдэг. Гэвч сүүлийн үед би өмнөхөөсөө илүү бага дэвтэр хэрэглэдэг болчихсоноо саяхан анзаарсан юм. Яагаад бага хэрэглэж байна вэ? гэхээр би юм болгоныг өөр өөрийн гэсэн байртай байлгах гэж хэтэрхий үзсэнээс болсон байх. Өдөр төлөвлөхдөө “Хугацаа Үржүүлэгч”-ээ, өдрийн тэмдэглэл бичвэл Evernote дээр гэх мэт. Аль аль нь буруу зүйл байхгүй л дээ. Гэхдээ яагаад ч юм гэнэт нэг юм бичих хэрэг болчхоор би өөрөөсөө хаана бичих билээ? гэдэг асуултыг асуудаг болчихсоноо анзаарав. Энэ энгийн сонсогдож болох асуулт нь яг үнэндээ маш том үр дагавартай. Цаасан дээр бичих үү? утсан дээрээ бичих үү? Дэвтэр дээр бичих үү? тусад нь өөр зүйл дээр бичих үү? Энэ програм дээр бичих үү? тэр програм дээр бичих үү? гэх мэт хэрэггүй олон асуултууд нь эцэстээ бичихгүй байсан нь дээр мэт сэтгэгдлийг төрүүлнэ. Гэхдээ бичих хэрэгтэй. Учир нь танд нэг санаа төрлөө гэж бодъё, та түүнийгээ бичиж тэмдэглэх нь уг санаа биеллээ олж байгаа хамгийн анхны хэлбэр нь шүү дээ. Өөрөөр хэлбэл таны бодлоос замхраад арилах зүйл биш, дэвтэр сөхөхөд л урд тань байж байх эд болсон байгаа биз? Тэгвэл түрүүний асуултад би ямар хариулт өгөв, хаана бичихэв гэдэг? Дэвтэр дээрээ бич. Өврийн дэвтэр өөртөө авч явдаг хүмүүс өөртөө анхаардаг, хувь хүний хөгжилдөө санаа тавьдаг хүмүүс байдаг юм. Учир нь тэд үргэлж амьдралд ямар нэг шинэ зүйл гарч ирэхийг, түүнийг бичиж тэмдэглэн шууд эд болгон хувиргах учиртайг мэддэг. Иймд над шиг битгий олон асуултаар өөрийгөө булаарай, зүгээр л бич. Хийсвэр бүхнийг эд болгоно хувирга.
  7. Ээжийгээ эмэгтэй хүн гэдэг үүднээс нь хараарай: Би энэ долоо хоногт нэгэн ярилцлагаас ярьсан хүнийх нь нэрийг биш харин нэгэн зөвлөгөөг нь их тод санаж үлдсэн. Тэр нь та ээжийгээ эмэгтэй хүн гэдэг үүднээс нь хараарай гэж. Юу гэж хэлэх гээд байна вэ? гэхээр, таны ээж тантай л адил дурлаж, догдолж, мөрөөдөж явсан 15тай охин байсан. Ээжид тань бүтээхийг хүссэн зүйл, хүрэхийг хүссэн амжилт байгаа. Гэтэл та ээжийгээ зөвхөн таныг хайрлаж, таны төлөө зүтгэдэг эх хүн гэдэг өнцгөөс л хардаг юм биш биз? Таныг өсгөөд дэндүү завгүй байсан болохоороо, хүссэн зүйлдээ хүрэхэд нь туслах нь найз дутсан байж ч мэднэ. Тэгвэл яагаад бид нар тэр найз нь одоо болж болохгүй гэж? Ээжтэйгээ ярилцаж, юу хийж бүтээхийг хүсдэгийг нь мэдэж ээжтэйгээ хамт тэр зорилгод нь хүрэхэд оройтоогүй байх.
  8. “Нэр хүнд гэдэг бол танд хүссэнээ хийх эрхийг олгодог хөшүүрэг юм” – АНУ-ийн ерөнхийлөгч агсан Томас Жеффэрсон

Comments

comments