1. ОНЦЛОХ ДУУДЛАГА: Америкийн төдийгүй дэлхийн бизнесийн ертөнцийг доргиогч энтрепренер, New York Times-ийн 4 удаагийн шилдэг зохиолч, сошиал мэдиа ертөнцийн ЖИНХЭНЭ од Gary Vee буюу ноён Гари Вайнерчук энэ даваа гарагт над уруу залгасан гээд боддоо?

Түүний багийнхан хэдэн мянган үзэгчтэй онлайн нэвтрүүлгийнхээ үеэр над уруу залгаж, Гари миний асуултад хариулсан юм. Би яг дуудлага ирэх үед нь ажил дээрээ нэгэн үйлчлүүлэгчид хэрхэн гар утас компьютер хоёрын хооронд зургуудаа илгээх талаар зааж өгч байж таарсан. Тэр өдөр би Гари-г над уруу залгана гэдэгт яагаад ч юм туйлын итгэлтэй байсан болохоороо ч тэр үү, танихгүй дуудлага авдаггүй хүн чинь бүр үйлчлүүлэгчээсээ “надад хэдэн хором өгч болох уу?” гээд л ажлаасаа гараад явчихдаг юм байгаа биз дээ?  Тэгээд л Гари яг нөгөө танил, нарийн чанга хоолойгоороо мэндлэх үед би түүнд “I can’t believe this” хэмээн итгэж ядсан байдлаа илэрхийлсэн. Түүнд би түүнийг дагадаг, сонсдог олон Монгол залуус байдаг гэдгийг мөн өрнөж буй ерөнхийлөгчийн сонгуульд ч Монголчууд бүтээгч-энтрепренер хүнийг бусдаас давуу дэмжиж байгааг хэлэв. Түүнээс би Америкт сурч, амьдарч байгаа Монгол залууд өгөх бизнесийн зөвлөгөө авсан. Миний амьдралд их чухал үед маань сонсох ёстой байсан хариултыг ч тэрээр өгсөн.. Ганц надад ч биш, гадаад улс оронд амьдарч байгаа, амьдрах гэж байгаа, ер нь л залуу хүнд хүргэх учиртай хариулт.
Иймд тун удахгүй, дараа долоо хоногт багтаагаад Гари, Морган (тухайн нэвтрүүлэгт хамт оролцож байсан зочин) бид гурвын харилцан яриаг та бүхэндээ хадмал орчуулгын /subtitle/ хамт хүргэе гэж бодож байна, та бүхэн дэмжиж байна уу? 

2. ОНЦЛОХ НЭВТРҮҮЛЭГ: Нэгэнт Гари-гийн тухай ярьсан юм чинь түүний шүүгч хийж буй “Planet of the Apps” нэвтрүүлгийг сонирхуулъя. Бидний сайн мэдэх Black Eyed Peas хамтлагийн дуучин, бизнесмен Will.i.am; жүжигчин, Honest Компаний үүсгэн байгуулагч Жессика Алба; дуучин, жүжигчин Гвинет Пэлтроу (Төмөр Хүний туслах, армаантаклагч) болон энтрепренер Гари Вайнерчук нар хамтран энэхүү Apple компаны нэвтрүүлгийн шүүгч/мэнторуудаар ажиллаж байгаа юм. Та хэрвээ Shark Tank гээд бизнесийн нэвтрүүлэг үзэж байсан бол тэр нэвтрүүлгийн зөвхөн Апп хувилбар нь гээд ойлгож болно. Апп зохион бүтээгч урсдаг шат дээр зогсоод минут хэртэй хугацаанд буюу шатаар буухаасаа өмнө дээрх 4 мэнторуудын сонирхлыг апп-аараа татах ёстой. Хэрвээ апп нь хэн нэгэн мэнторын сонирхлыг татаж чадвал оролцогч нь өөрийн апп-аа үргэлжлүүлэн тайлбарлах эрхтэй болдог. Апп-аа танилцуулж, мэнторуудын асуултад хариулж дууссаны дараа мэнторууд маань тухайн апп-г дэмжих эсэхээ шийддэг. Хэрэв дор хаяж нэг мэнтор нь л тухайн апп-г дэмжсэн бол оролцогч нь өөрийг нь дэмжсэн мэнторуудаасаа аль нэгийг нь сонгож хамтдаа тухайн апп-г улам хөгжүүлж, бизнесийн төлөвлөгөөгөө боловсруулж улмаар хөрөнгө оруулагчдад тухайн апп болон бизнесийн модель, төлөвлөгөө танилцуулдаг. Сонирхолтой байгаа биз? Нэвтрүүлгийн үеэр маш олон бизнесийн үг хэллэгүүд хэрэглэгдэх ба хамгийн гоё нь тухайн үг бүрийг жижиг цонхонд тайлбарлаж өгдөг. Ийнхүү янз бүрийн бизнесийн нэр томъёо хийгээд; ер нь бизнесийн ертөнцийг таньж авах боломжтой болж байгаа юм л даа. Apple компани тодорхой хугацаанд хамгийн эхний дугаараа доорх линкээр дамжуулан үнэгүй үзэх боломжийг олгож байгаа шүү. Дараагийн дугааруудыг нь үргэлжлүүлэн үзэхийг хүсвэл Apple Music-т нэгдэх хэрэгтэй.
https://www.planetoftheapps.com/en-us

3. ОНЦЛОХ ГАЗАР: Миний амьдардаг Миннесота мужид хойд Америк Тивийн хамгийн том нуур байдаг. Далай л гэж хэлж болох энэ нүсэр том нуур нь Мичиган, Висконсин, Миннесота гэсэн 3 Америкийн мужуудад хийгээд Канад улсад тус тус харьяалагддаг. Бүрхэх газар нутгийн хэмжээгээрээ дэлхийн хамгийн том цэнгэг нуурт тоцоогддогт энэ газарт би дахин нэг ирсэн юм. Өмнө нь намрын улирал ирж байсан. “Миннесотагийн намрыг үзээгүй бол Америкийн Дундад Өрнөдийг үзсэнд тооцохгүй” гэдэг үг байдаг. Учир нь намар Миннесота муж үнэхээрийн үзэсгэлэнтэй болдог, моднууд нь шар, ногоон, улаан, хүрэн гээд л төсөөлж боломжгүй тийм гоё өнгөнд хувирдаг. Холливүүдийн кинонууд дээр яг гардаг даа? өнгө алагласан моднууд дунд цэнгэг цэнгэг нуурууд.. Тэр чинь Миннесота байхгүй юу? За тэр ч яахав, энэ газрыг онцолж хэлж байгаа нь байгаа газрынхаа лус савдаг, эзэн байгальд нь залбирч өөрийгөө даатгаж байгаарай гэж хэлье гэж бодлоо. Энэ бол мухар сүсэг биш шүү. Усыг нь уувал ёсыг нь дага гэдэг дээ. Усаар нь ундаашиж, хоолоор нь идээшиж, тухайн газар нутагтаа сайн сайхан явж байгаа юм чинь тэр газартаа талархаж яваарай. Ганцхан Монголын нутаг сайхан гээд л хүний газрыг басаж, харааж, ад үзэж болохгүй санагддаг юм. Дэлхий ертөнц гэдэг чинь өөрөө нэг зүйл шүү дээ, дэлхийн өнцөг булан бүр л үзэсгэлэнтэй. Би байгаа газрынхаа Миссисипи голтой залбирдаг, ярилцдаг болоод 2 гаруй жил болж байх шиг байна аа. Нэг л ертөнц, нэг л дэлхий, нэг л хүмүүн төрөлхтний өлгий учраас хүний юманд залбирч бариад байгаа огт санагддаггүй. Мөнх хөх тэнгэр, байгаль эх дэлхий маань хаа ч явсан биднийг дээрээс тэтгэж, доороос түшиж яваа гэж итгэдэг дээ.

4. УНШИЖ БУЙ НОМ: Jen Sincero гэдэг зохиолчын You are a Badass: How to Stop Doubting your Greatness and Start Living an Awesome Life нэртэй энэхүү номыг би удаан уншихыг хүссэн дээ. Хамгийн анх интернетээр номын нэр, эхний бүлэг хоёрыг нь уншаад л дурлаж, нэг найздаа бэлэглэхээр шийдсэн юм. Маш гайхалтай, чадварлаг, бүтээгч нэгэн мөртлөө өөртөө эргэлзэхдээ тун гаргууд найздаа бэлэглэж байсан. Түүний хойш хоёр гаруй жилийн дараа энэ номыг өөр нэгэн найзынхаа цуглуулгаас олж уншиж эхлэх нь энэ. Ёстой л билэг танхай бичсэн энэ номд хувь хүний хөгжил, санхүү, оюун санааны хөгжил гээд олон зүйлийн тухай бичсэн. Нью Йорк Таймс-ийн шилдэг бүтээл болох энэ номоос танд тольлуулах зүйлс бол: “Амьдралаа сайхан болгомоор байвал, илүү ихийг хүртмээр байвал, эхлээд бусдад өг, бусдад сайн сайхан мэдрэмжийг бэлэглэ”. Сард нэг хоёр удаа мөнгө хандивла, 5 мянган төгрөг байсан ч хамаагүй, гол нь үүнийгээ зуршил болго. Өөрийн хамгийн дуртай, хайртай зүйлээ хэрэгтэй хүнд нь хоёргүй сэтгэлээр бэлэглэ. Бусдад юм өгөхдөө зарим үед бүү өөрөөс чинь ирсэн гэдгээ мэдэгдүүл. Бусдад гар цайлгах мөнгө өг, угаасаа өгдөг бол жоохон илүүг өг. Бусад хүн тантай муухай харьцвал эргүүлж муухай харьцаж доош хамт унахын оронд дээш нь хайрын хүчээр тат. Инээмсэглэ, бусдыг инээлгэ, магт, баясга. Бусад хүний чамд өгч буй зүйлийг цааргалалгүй авч, хүртэж хариуд нь талархсан шиг таларха! Бусдын чамд өгч буй боломжууд, урилгуудыг хүлээн ав. Эцэст нь хамгийн чухал нь өөрийгөө хайрла тэгэж байж бусад хүн чиний сайн сайханыг хүртэнэ.

5. ОНЦЛОХ АУДИО: Зарим уншигч нар маань намайг сонсдог ном, өгүүллэг, подкаст-д дуртайг минь мэдэж байгаа байх. Энэ долоо хоногт би Gregg S гэдэг хүний автомашины осолд орж, сүнс нь биеэсээ хальж, энгийн хүнд мэдэгдэхгүй дээд үелзэлд сүнс нь очиж заяаны хань /сүнс; ухамсар/, гариг эрхэс, байгаль тэдний сүнстэй харьцаж, ертөнцийн үнэнийг сурсан түүхийг сонссон юм. Хэдий зарим хүнд фантаз, худал санагдаж болох ч энэ номд бас бодол, зорилго, төвлөрөл зэргийн ач холбогдлын тухай нарийн өгүүлсэн байгаа. Энэ номоос хамгийн тод үлдсэн, та бүхэндээ хүргэх зүйл бол: “Бодол бол зүйл. Таны бодсон зүйлс зүгээр л сарниад алга болно гэж бүү бод. Та юу бодно, мэдэрнэ, үйлдэнэ түүнийг дагаж таны ирээдүй, хувь заяа өөрчлөгдөх болно. Иймд фокус буюу төвлөрөлт тун чухал, таны бодол санаа юун дээр түлхүү төвлөрч байна? бодлоо ажигла. Таталцлын хууль үргэлжийн мөнхөд буюу та үүнийг унших мөчид ч өрнөж байгааг сана. Та юун дээр төвлөрнө, түүнийгээ амьдралдаа татна…” https://youtu.be/Wjch_Qi_nio

6. ТАВЬЖ БУЙ ЗОРИЛГО: Шинэ сар гарлаа. Долоон сар маань сайн байна уу? Би уг нь наадмаар Монголдоо байх тун дуртай, хачин гоё шүү. Даанч энэ жилдээ Америкт наадамлаж өнгөрөөх гэж байх шиг байна даа. Сониноос Долоон сарын 4-нд АНУ бас Тусгаар Тогтнолын Баяраа тэмдэглэдэг. Улс орон даяараа салют буудуулж тэмдэглэдэг заншилтай гэж байгаа. Та бүхэндээ сонирхолтой байж магадгүй гээд уг өдөр влог бэлтгэе гэж бодож байгаа шүү. Долоон сарыг би Долоо Ахих Долоон Сар гэж хувьдаа тунхаглаад байгаа юм. Миний олон хийсвэр мэнторуудын нэг болох Тим Фэрисс болон Льюис Ховес нар “та 10 жилийн дотор хүрнэ гэж бодож байсан зорилгодоо нэг жилийн дотор хүрнэ гээд зүтгээд үзвэл яах бол?” гэсэн асуултыг байнга өөрсдөөсөө хийгээд өрөөлөөс асуудаг. Хариулт нь ёстой үгүй, хэзээ ч чадахгүй гэж хэлмээр энэ асуулт өөрөө тун хүчтэй. Гэхдээ бид нар яг үнэндээ маш хурдан, богино хугацаанд амжуулах боломжтой зүйлсийг хэт хойш нь тавьж, сунгаж, харанхуйгаар тооцоолол хийдэг байж мэднэ. Иймд зарим үед та хүрэхээр төлөвлөж байгаа зорилгуудаа ойрын хугацаанд амжуулах гээд зүтгээд үзэхэд буруудах юм байхгүй. Заавал 100 хувь амжилтад хүрэх алба угаас байхгүй. Надад зорилгодоо хүрэхээр зүтгэж буй тэрхүү процесс нь өөрөө хамгийн сайхан нь санагддаг. Том зорилго тавиад, түүнийгээ эхлүүлнэ гэдэг өөрөө нийт замынхаа хагасыг туулсантай адил гэдэг. Иймд долоон сард багтааж хойшлуулж байсан зорилгодоо долоон алхам ойртоорой, надтай хамт 

7. АСУУЛ ба СОНИН ХАЧИН: Нямын Наймын тав дахь дугаар маань энэ хүрээд жаргах дөхөж байна. Нэг сар гаруй хугацаанд энэхүү долоо хоног бүрийн нийтлэлээ хүргэчихлээ гэсэн үг юм. Тэгээд ер нь ерөнхий сэтгэгдлийг тань сонсохыг хүсэж байна  Танд юу нь таалагдаж байна? аль талын мэдээлэл, сонин хачингаа түлхүү хуваалцах уу?
Удахгүй (бүр тун удахгүй шүү) вебсайтаа нээж өөрийн контентуудаа төвлөрүүлэе гэж бодож байгаа. Иймд тэр вебсайтаас маань ямар мэдээлэл авч байхыг хүсэж байна? ер нь цаашдаа мөхөс намайг юуны тухай илүү хүмүүст хүргээсэй гэж бодож байна? санал сэтгэгдэлээ хуваалцаарай. Тун их баярлах болно шүү.

8. ОНЦЛОХ ОНЧ МЭРГЭН ҮГС: “Та бол хувь заяаныхаа эзэн, сэтгэл санааныхаа удирдагч” – Хэнри Форд

Comments

comments