1. ОНЦЛОХ ӨДӨР: Энэ сарын 23-ны өдөр Daria бид хоёрын маань үерхэж, дундаа орсны 1 жилийн өдөр тохиосон. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд бид хоёр 3 сар хүрэхгүй л хугацаанд нь хамтдаа байж үлдсэн цаг үед нь хоёр өөр тивд байцгаасан юм. Тэр маань үнэхээрийн гайхалтай охин. Байрны гадаа тоглодог жаахан хүү байхдаа түүний инээмсэглэлийг хараад ямар хөөрхөн инээдэг охин бэ? гэж бодож байснаа нуух юун. Түүндээ зориулж бичиж байсан нэгэн шүлгийн дараах 8 мөрийг хүргэе:

..Чи бид хоёрын хүүхэд насаа өнгөрүүлсэн
Чигтээхэн дэггүй бага насны үндэс суурь
Хонгор чамтайгаа эргэн уулзалдсан
Хүүхдийн зуу, энэ бидний хайрын буурь

Ягаан курткатай охины нүүр дүүрэн мишээл
Миний хамгийн дуртай инээмсэглэл
Ялдамхан бүсгүй болжээ чи минь
Миний гэнэн насны мөрөөдлийн биелэл…

2. СОНСОЖ БУЙ ХҮН: Энэ долоо хоногт миний хийсвэр менторуудын эгнээнд Grant Cardone гэдэг хүн нэмэгдсэнийг албан ёсоор танилцуулж байна. Түүнээс сурсан эсвэл санал нийлсэн гэж хэлж болох онцлох зүйл бол: Зарим нэг хүмүүс би мөнгө олох хэрэггүй надад хангалттай байгаа; би олны өмнө гарч үгээ хэлэх хэрэггүй учир нь би яриад эхэлбэл хүмүүс намайг онгироо гэж бодно; би угаасаа дуугүй дотогшоогоо хүн тул түүнтэй уулзмааргүй байна гэх мэтчилэн зүйлс хэлдэг. Грант-н хувьд эдгээр хүмүүс нь хамгийн хувиа хичээсэн хүмүүс гэнэ. Тэрээр хүмүүсийг маш баян байх хэрэгтэй гэж үздэг. Тэр баян хүмүүсийг хувиа хичээсэн биш харин ч хамгийн бусдыг гэсэн хүмүүс гэж боддог. Баялаг гэхээр заавал хөрөнгө мөнгөөр бас бодох хэрэггүй л дээ. Хүн сэтгэлээрээ, харилцаа хандлагаараа гээд олон зүйлээрээ баян байж болно. Гагцхүү тэр баялаг нь өөртөө биш бусдын төлөө зориулж хуримтлуулсан, бүтээсэн байх учиртай. Маш хэрэгтэй мэдлэг мэдээлэлтэй хирнээ түүнийгээ өөрт л хадгалаад бусдад түгээдэггүй бол мэдлэг хураасны хэрэг юунд? Заавал олны өмнө гарч, бусадтай уулзах байдлаар мэдлэг чадваруудаа ашиглах учиргүй. Үнэхээр хүн хүсвэл аргыг нь заавал олдог. Өөр арга зам, өөр гаргалаа олдог. Бусдаас авч байж баяждаггүй, бусдад өгч байж баяждаг. Энэ бол ертөнцийн хууль.
Мөн би яриад эхэлбэл тэд намайг онгироо гэж бодно гэж бодох нь өөрөө би би гэсэн үзэл дээрээ тулгуурласан аминч үзэл юм. Харин тэд намайг юу гэж бодох нь хамаагүй гагцхүү миний тэдэнд өгөх гэсэн зүйлс л чухал гэж үзэх таны цаад санаа нь чухал хэмээн бодох нь зүйтэй… Түүний хамгийн таалагдсан ярилцлага нь бас нэгэн хийсвэр мэнтортой маань хийсэн дараах ярилцлага юм: https://youtu.be/Au7Tg9wTsl0

3. ОНЦЛОХ БИЧЛЭГ: Барууны ертөнцөд, ер нь Америкт 6-р сарын 21-ны өдрийг зуны анхны өдөр гэж тооцдог. Тиймдээ ч энэ өдөр, олон Америкчууд шинэ он гарахтай адил янз бүрийн зорилго тавьж, зуныг гайхалтай өнгөрүүлэхээр шийдэцгээдэг. Тиймдээ ч би та бүхэндээ Монголд 6-р сарын 22-ны өдөр нар буцах өдөр шүү хэмээн сануулж, өглөө эрт сэрэхийг уриалсан бичлэг хийсэн. Билл Гейтс хэлсэн байдаг шүү дээ “Зуны улирал бол бусдаас холдон тасрах боломж” гэж. Нямын Наймын 2 дугаар дугаарт дурдсан Коби Брайант-н ярилцлагад ч мөн тэрээр байнга өглөө эрт сэрж бэлтгэлээ хийнэ улмаар нэг мэдэхэд хэн ч бүтэн зун түүнээс ч илүү хөдөлмөрлөсөн ч гүйцэхээргүй хэмжээнд хүрсэн байх болно гэж хэлсэн. За тэгэхээр өглөө эрт сэрж сурч, зуны улирлын хамгийн том давуу тал болох илүү нарны гэрлийг өөрийн талд ашигламаар байвал, дараах бичлэгээс маань урам авч мэдэх юм:
https://goo.gl/okxdeX

4. БАРИМТЛАХЫГ ХИЧЭЭЖ БУЙ ЗАРЧМУУД: АНУ-ыг үүсгэн байгуулагчдын нэг, зохион бүтээгч гээд гуншин нь дуусахгүй Бэнжамин Франклин 20 настайдаа “Амьдралын 13 ариун зарчмууд” гэгчийг зохиосон юм. Түүний зорилго нь ёс суртахуун өндөр, зөв зан чанартай хувь хүн болж төлөвших байсан. Тэрээр өврийн дэвтэрдээ орой бүр өөрийгөө дүгнэж, зөрчсөн зарчмуудынхаа дэргэд цэг тавин тэмдэглэж иржээ.

1. Аливааг тааруулах: Дэлбэртлээ идэж, хөлчүүрхтлээ уухгүй байх
2. Үг цөөн: Хэрвээ өөрт хийгээд өрөөлд ашигтай л зүйл яриагүй бол амиа хамхих; үр ашиггүй харилцан ярианаас зайлсхийх
3. Эмх цэгц: Байх ёстой юмыг байранд, хийх ёстой юмыг цагт нь хийх
4. Шийдвэр төгс байдал: Хийх ёстой зүйлээ заавал гүйцэтгүүлэхээр зориглох; зорьсоноо алдаа мадаггүйгээр гүйцэлтүүлэх
5. Ариг гам: Арвич хямгач байж, юу г ч бүү үр. Гагцхүү өрөөлийн төлөө хийгээд өөрийн сайн сайхны төлөө л зарцуулах
6. Ажил хөдөлмөрч: Цагийг бүү үр; цагаа үргэлж хэрэгтэй зүйлд зарцуулах; бүхий л хэрэгцээгүй үйл хэргийг үгүй хийх
7. Шулуун шударга: Бүү хор хөнөөлтэй арга заль хэрэглэ. Гэнэн цайлганаар бас шударгаар бод, ярь, үйлд.
8. Шударга ёс: Шийдвэр гаргахдаа өөрт ямар ашигтай вэ гэдэг дээр бус харин юу зөв бэ гэдэг дээр тулгуурлах
9. Хүлээцтай байдал: Хэн нэгэн таныг бие махбодын хувьд ч юм уу сэтгэл санааны хувьд юм уу яаж ч гомдоосон эсвэл өвтгөсөн бай хамаагүй хүлээцтэй тэвчээртэй байж уучлах өршөөх чадвартай бай
10. Цэвэр цэмцгэр: Бие хаа, хувцас хунар, гэр орон бүхнээ үргэлжийн цэвэр цэмцгэр байлгах
11. Амар амгалан: Аахар шаахар асуудалд ч тэр янз бүрийн гэнэтийн осол эндэгдэл ч тэр, бүү сэтгэлийн амар амгалан байдлаа алд
12. Биеэ барих: Өөрийн хийгээд өрөөлийн амгалан тайван байдал, нэр хүндийг тачаал шуналаасаа болж бүү үймүүл
13. Даруу төлөв байдал: Бурхад хийгээд эрдэмтэн мэргэдийн үгийг сонсох, даган дуурайх.

5. ОНЦЛОХ АПП: Өөрөөсөө илүү, өөрөөсөө хүчирхэг хүний дэргэд байснаар алтны дэргэдэх гууль шарлана аа гэж. Enkhbayr Zolboo гэдэг залуу маань манайд ирж, бид хоёр энэ зун хамтран амьдрагчид хийгээд хамтран хөдөлмөрлөгчид болж байгаа юм. Юу хийж хөдөлмөрлөөд байна вэ? гэхээр өглөө хэн хэн маань ажилдаа явахаас урьтан, 5 цагт босож бэлтгэлийн заал (gym) орж байгаа. Миний амьдралын нэг зарчим болсон “Хэмжигдэхүйц бүхэн хянагдахуйц” гэсэн үг байдаг. Тийм дээ ч, эргээд gym цохиж, төмөр өргөж эхэлсэн юм чинь нэгэн апп-г дахин хэрэглэж эхлэв. Энэ бол “FitNotes”. Гайхалтай энэ апп-ны тусламжтайгаар та дасгал бүрийнхээ рекорд-уудаа бүртгэж авснаар ямар ахиц гаргаж байгаагаа мэдэж болдог. Ямар төрлийн булчингууд дээрээ түлхүү ажиллаж байна, нийт хэдэн удаа дасгал хийгээд байна гээд олон зүйлийг тань харуулдаг. Улам их бүртгэл хийх тусам, таны потенциал хүч чадлыг тооцоолж өгдөг. Өөрөөр хэлбэл хэдий их жингээр, хэдэн удаа шахалт хийж чадахыг тань хэлдэг. Надад хамгийн их таалагддаг нэг зүйл нь дасгал бүрийн дараа автоматаар цаг тавьж өгөөд танд амралт дууссаныг сануулдаг. Нэг харамсалтай зүйл нь энэ апп маань ганцхан Android дээр байдаг:
https://goo.gl/bdRhLg

6. ОЛЖ МЭДСЭН СОНИРХОЛТОЙ ЗҮЙЛ: Энэ долоо хоногт олж мэдсэн нэгэн зүйл бол зарим нэг алдартай хүмүүс хэрхэн хэдхэн цагийн нойртой мөртлөө маш сэргэлэн цовоо байгаад байдаг гэдгийг гэх юм уу даа. АНУ-ын ерөнхийлөгч асан Барак Обама шөнө 1, 2 цаг хүртэл ажиллаж байгаад өглөө 7 цаг гэхэд боссон байдаг. Өдөрт 5, 6 цагийн л нойр авдаг байсан. Сонирхолтой нь коффее огт хэрэглэдэггүй, өглөө жүржийн шүүс л уудаг гэж байгаа. Гэтэл үүний нууц нь тэрээр modafinil (модафинил) гэдэг эм уудаг байсанд байжээ. Америкт ганцхан эмчийн зөвшөөрөлтэйгөөр л авч болдог энэ эм нь допинг-н төрөлд ордог буюу олон спортод хориглосон байдаг юм байна. Нойроо дийлэхгүй хэт нойрмог байх нь өвчинд тооцогддог ба энэ төрлийн өвчтэй хүмүүс уг эмийг хэрэглэдэг байна. АНУ-д энэ эмийн хэрэглээ жилээс жилд улам түгээмэл болсоор байгаа ба байнгын хэрэглэгчид нь өдөр бүр 200 грамм тогтмол уух нь түгээмэл байдаг. Анхлан хэрэглэгчид үүний 4-ны 1 буюу 50 граммын дозоор ууж эхлэн улмаар дозоо нэмдэг гэнэ. Би энэхүү эм бодисыг огтхон ч сурталчлаагүй шүү, Монголд байдаг эсэхийг ч мэдэхгүй юм. Судалсан мэдсэн зүйлээ л хүргэж байгаа минь энэ билээ.

7. СОНСОЖ БАЙГАА ЗҮЙЛ: Ойрд машин барихдаа, дугуй унахдаа Youtube Red ашиглаж янз бүрийн илтгэл их сонсож байгаа. Youtube Red-д нэгэн гоё онцлог байдаг нь Youtube дээрх бичлэгийг шууд offline байдлаар хадгалж болдог. Би сар болгон ер нь шинэ email хаяг нээгээд Youtube Red хэрэглээд байдаг, тэгэхгүй бол сард 15 доллар төлнө шүү дээ  Миний хийсвэр мэнторуудын нэг болох Тони Роббинс-ийн дараах нэгэн илтгэлийг та бүхэнд санал болгоё, тун энгийн ойлгомжтой зүйл ярьж байгаа мэт санагдаж магадгүй гэхдээ энгийн бүхэн агуу байдаг шүү дээ:
https://youtu.be/HWvuvPnrKDs

8. ОНЦЛОХ ОНЧ МЭРГЭН ҮГС: “Хэт их хүссэн хүнд Төрийн Тамгыг бүү атгуул!” гэсэн өвгөдийнхөө сургуулиар энэ удаагийн Нямын Наймаа жаргаая. Сонгогч түмэн маань нэгийг бодон, хоёрыг тунгааж мэргэн сонголтоо хийгээрэй.

Comments

comments