1. ОНЦЛОХ APP: Instagram Story дээрээ Даваа гарагт энэхүү Screenshot-р хэрэглэдэг нэгэн app-аа нийтэлсэнд хэдэн хүн ямар програм юм бол? гэж асуусан тул та бүхэнд Wunderlist-г сонирхуулж байна. Microsoft-н худалдаад авчихсан энэхүү хүчирхэг програм нь хийх зүйлийн жагсаалт хэрэглэдэг хүмүүс дунд хамгийн түгээмэл байдаг санагдсан. Харамсалтай нь тун удахгүй Microsoft энэхүү програмын дараагийн үе гэж зарлаад байгаа Microsoft To-do гэдэг програмаар Wunderlist-г солино гэсэн. Миний хувьд энэ програмыг зуршил батжуулахад, зорилгуудаа сануулахад хэрэглэж байгаа.

Яаж гэхээр, дээрх зургаас харч байгаа байх. Өглөө бүр 5 цагт надад миний өглөөний дэгийг сануулж өгдөг, тэгээд дор бүр нь хийсэн зүйлсээ тэмдэглээд дууссан гээд л. Дотор нь хийх зүйлсээ олон анги, бүлэг болгочихдог болохоор би жишээ нь энэ зуны зорилгууд гээд хэдэн зүйлс биччихсэн байгаа. Гар утсан дээр ч, копмьютер дээр ч хэрэглэж болно https://www.wunderlist.com/

2. ОНЦЛОХ ВЕБСАЙТ: Үнэгүй Монгол уруу ч юм уу дуудлага хийдэг нэг сайт байдаг аа онцльё гэж бодлоо. Дараах сайтаар ороод Mongolia гэж сонгоод дугаарыг нь хийгээд залгахад хоёр хоёр минутаар нийт 5 дуудлага буюу өдөрт 10 минут ярьж болдог. Ер нь дэлхийн бараг ихэнх орон уруу ярьчихдаг юм байна лээ.https://www.poptox.com/

3. ТӨСӨӨЛЛИЙН ХҮЧ:
Өнгөрсөн долоо хоногын Нямын Наймаараа өглөө 5 цагт цэрэг шиг л орноосоо суга үсрээд босдог зуршлаа сэргээмээр байна гэж байсан даа, түүнийгээ би төсөөллийн хүчээр бодит хэрэг болгож байгаа юм. Яаж гэхээр, өнгөрсөн Ням гарагт унтахаасаа өмнө би самбар дээр Даваагаас Баасан гараг хажууд нь хоосон хайрцагтай бичээд орхисон юм. Тэгээд орондоо ороод өглөө яг 5 цагт сэрүүлэг дуугараад л, гэрлээ асаагаад л, “Mon” буюу Даваа гэсэн өдрийн дэргэдэх хайрцагийг битүү будаж, хийсэн гэсэн тэмдэг тавьж байна гэж төсөөлсөн юм. Тэгээд л унтсан, өглөө сэрсэн, төсөөллөө биелэл болгосон. Энэ бол төсөөллийн хүч түүний нэг л тун энгийн жишээ юм даа. Амьдралынхаа бусад олон зүйлсэд төсөөллийн хүчийг ашиглаарай. Би Priming бясалгалаа хийхдээ өдөр бүр төсөөллийн хүчийг мөн ашиглаж байгаа. Яагаад чухал вэ гэхээр, таны тархи бодит байдал, төсөөлөл хоёрыг ялгаж чаддаггүй гэж байгаа юм даа. 

 

4. СОНИН ХАЧИН: Манай сургуульд магистр ба түүнээс дээш боловсролын зэрэг эзэмшхээр суралцаж байгаа оюутнууд өөрсдийн гэсэн хичээлийн хөтөлбөр гаргаад, оюутнууд элсүүлээд хичээл зааж болдог юм байна л даа. Тэгсэн бакалаврын оюутан надад онцлолт үзүүлж хичээл заах санал тавьсан гээд боддоо  Дэлхийн шилдэг их сургуульд өөрийн гэсэн хичээл заана гэдэг бас л сонирхолтой юу даа? Хичээлийн сэдэв өөрөө сонгож болно. Америкуудад Монголчууд хэрхэн өнөөгийн ертөнцийг бүтээсэн тухай ярьж хүргэдэг учраас энэ урилгыг хүлээн авсан гэж хэлж болно, тэгэхээр ер нь энэ тал уруугаа л хичээл заадаг юм уу? гол нь багш Билгүүнээ байж чадах уу би? 

5. ӨӨРИЙГӨӨ БҮТЭЭХИЙН ТУЛД ӨӨРИЙГӨӨ НУРАА: Энэ долоо хоногт толгойд их бодогдсон, түүнийгээ дагаад их уншсан, сонссон зүйл бол өөртөө эргэлзэх. Энэ нь өөрийн одоо байгаа байдалдаа эргэлзэх эргэлзээ юм, бид магадгүй байгаа байдалтайгаа дасан зохицноод, бүх зүйлстэй эвлэрээд, сэтгэл ханаад түүнээсээ болж өөрсдийгөө хязгаарладаг байх. Өөртөө бүх зүйлс дээр эргэлзээд үзээрэй, миний бие махбод үнэхээр эрүүл байгаа билүү? миний гадаад төрх үнэхээр миний өөрийн сэтгэлд хүрдэг билүү? би бусадтай зөв сайхан харьцаж чаддаг билүү? миний итгэл үнэмшил юу билээ? миний итгэдэг бурхан, шашин ер нь зөв үү? гээд л бүх л зүйлс дээр эргэлзээд үз. Амьдрал бол тасралтгүй үргэлжлэх үйл явц. Өөрийн одоо байгаа байдалдаа сэтгэл ханаад хөдлөхгүй байна гэдэг, зангуугаа буулгаад удсан хөлөг шиг зэвэрч хэмхрэхтэй яг адил. Мөнгө санхүүгийн хувьд, сэтгэл санааны хувьд, үерхэл харилцааны хувьд та яг хэн болмоор байна? бусад хүмүүс таныг юу гэж үнэлж дүгнэдэг байгаасай гэж хүсэж байна? тэр бүхнийг өөрөөсөө асууж, хариултыг нь БИЧ! Та өөрийн хүссэн хүн болж хувирснаар ямар гайхалтай зүйлс амьдралд чинь болохыг төсөөлөн бич. Бас тавьсан зорилгодоо хүрэхгүй бол ямар сул тал, аюул буйг сөрөг талаас нь харж бод бич! Ганц дан эерэг сэтгэлгээ таныг гацааж мэднэ шүү. 

6. ЭЕРЭГ БУС ЭРҮҮЛ СЭТГЭЛГЭЭ: Би хувь хүний хөгжил, оюун бодол түүний хүч энэ тал дээр хэдэн жил уншиж судалж өнгөрүүлсэн. Та бүхэн энэ сэдвийг магадгүй Нууц хэмээх номоор төсөөлдөг байх. Энэ номд би дуртай, олон авах зүйлс бий. Гэхдээ шүүмжлэлтэй ч хандах ёстой ч зүйлс байгаа. Миний бодлоор одоо барууныхан шинжлэх ухааны хэмжээнд нь хөгжүүлж яриад байгаа энэ бодлын хүч чадлыг Монголчууд аль эртнээс л мэддэг байсан. “Санаа зөв бол заяа зөв” гэдэг үг л дүгнэчхэж байгаа биз? Гэвч Монголчууд бид эерэг бодож байна, сайн сайхан зүйлс дээр л төвлөрч байна гээд асуудал бэрхшээлээс зугтаад яваад байдаг билүү? тэгэх хандлага магадгүй байдаг, гэвч бид дайчин сэтгэлгээтэй ард түмэн шүү дээ. Айвал бүү хий, хийвэл бүү ай гэж бас айхтар сургаал байна. Яана аа? сөрөг зүйл бодчихлоо, муухай үг хэлчихлээ гэж түүнээсээ болж санаа зовохоос илүүтэйгээр бид мэдрэмжийг чухалчлах хэрэгтэй. Мэдээж бодол, үгс чухал. Тэд мэдрэмжийг залуурдаж, бий болгож, өөрчилж чадах хүчтэй. Бодол удирдана гэдэг бараг боломжгүй, харин түүнийг бид залж болдог. Зөв зүйлийг хий, тэр үед зөв мэдрэмж төрөх болно, тэр зөв мэдрэмж зөв бодлыг авчирж, зөв бодлууд цаашдаа улам олон зөв зүйлсийг хийхэд чиглүүлэх болно шүү. Бодлыг биш өөрийгөө л хүчил гэж хэлж байгаа юм уу даа. Хэрвээ айдас төрөөд л, муухай мэдрэмж аваад л, хиймээргүй санагдаж байгаа бол битгий хий. Өөрийнхөө мэдрэмжид итгэ. Гэхдээ амьдралд бид заримдаа эрсдэлтэй алхмыг авч айж байсан ч хийх хэрэгтэй болох үе олон. Ийм цаг үед, нэгэнт л шийдсэн бол шийдэмгий байдлаараа бүхнийг бүрхэн авч айдсын оронд сайн сайхан мэдрэмжийг чухалчил.

7. ТААЛАГДАЖ БАЙГАА ДУУ: Өглөө эрт сэрэхэд мэдээж хэрэг сэрүүлгэний дуу их чухал. Миний санал болгох дараах дууг сонсоод үзээрэй. Би өмнө нь хамгийн дуртай дуугаа сэрүүлэг дээрээ тавиад дургүй болчихдог байсан бол одоо эсэргээрээ тэр дуундаа улам дуртай болдог болсон. Өглөө сэрээд шууд бүжиглэ! Над шиг цэрэг гэж дэглэмээ нэрлэж яах юм? бүжигчин, дуучин, тамирчин юу болмоор байна? Тэр хүн шигээ л бай, ялангуяа өглөөhttps://www.youtube.com/watch?v=sm5xYDROj9o

8.ОНЦЛОХ ОНЧ МЭРГЭН ҮГС: “Хүн хүнээ хүндэлдэг бол, аниргүй бие биенээ хайрлах л сайхан. Хайр бол хамгийн ч чимээгүй, хамгийн аниргүй. ” – Б.Лхагвасүрэн

Дээрх үгсийг П.Бадарч гуайн оролцсон Монгол Тулгатны 100 эрхэм нэвтрүүлгийн дараах хэсэгт хэлсэн билээ: https://youtu.be/OBNOj82jWds?t=1h33m40s

Comments

comments